Saturday, October 10, 2009

Угсаатан судлал, нийгэм-соёлын хүн судлалын үүсэл хөгжил ба Монголын угсаатны зүй

Бидний нэрлэж заншсан “угсаатны зүй” буюу Европ хэлний этнографи (ethnography), “угсаатан судлал” буюу этнологи (ethnology) түүнтэй төстэй нийгэм-соёлын хүн судлал” буюу “нийгэм-соёлын антропологи” (social-cultural anthropology) хэмээх нэр томьёонууд нийгмийн шинжлэх ухааны хоорондоо холбоотой, төстэй салбар ухааныг нэрлэдэг. Монголд эдний ялгаа зөрөө, адил төстэй байдал нь тодорхойгүй бүрхэг байсаар бидний үед уламжлан ирсэн. Монголын нийгмийн шинжлэх ухаанд энэ байдал асуудал болон дэвшүүлэгдээгүйн гол шалтгаан бол өдий болтол монголд “нийгэм-соёлын хүн судлал” хэмээх нэр томьёо буюу энэ судалгааны дэг сургууль нэвтрээгүй байсантай холбоотой. Харин улирал хөгжлийн зайлшгүй зарчимаар сүүлийн үед “нийгэм-соёлын хүн судлаач” гэсэн шинэ боловсон хүчин, мэргэжилтнүүд гадаадын орнуудаас төгсөн ирж байгаа нь энэ хоёр салбар ухааны ялгаа зааг, адил төстэй байдлыг авч хэлэлцэх шаардлагыг төрүүлж байна. Эдний ялгаа зөрөөг тайлбарлахын тулд эхлээд дэлхий нийтэд энэ салбар ухаанууд хэрхэн үүсч хөгжсөн түүхийг өгүүлэх нь зүйтэй.

Этнографи, этнологи, нийгэм-соёлын антропологийн үүсэл хөгжил

XIX зуунд Францын их сэтгэгч Аугусте Комте (Auguste Comte 1798-1857) хүний нийгмийг судлах шаардлага байгааг дурдаад ийм судалгааг анх социологи (sociology) буюу “нийгэм судлал” (Hendry 1999: 8) гэж нэрлэх санал тавьснаас хойш нийгмийн шинжлэх ухаан бусад шинжлэх ухааны адил хөгжлийн алхамаа эхэлж байдаг. XIX зууны төгсгөл XX зууны эхэн үеэс энэ санаа улам нарийвчлан салж “нийгэм судлалаас” гадна бас түүнтэй төстэй “нийгэм-соёлын антропологи(social-cultural anthropology), этнологи (ethnology), этнографи (ethnography) зэрэг бусад хүний нийгэм, соёлыг судалдаг салбар ухаанууд дор дороо Европын улс орнуудад гарч ирсэн байна. Антропологи, этнологи, этнографийн “нийгэм судлалаас” ялгарах гол онцлог нь тэдний арга зүй болон судлагдахуун байлаа. Судлагдахууны хувьдаа “нийгэм судлал” ихэвчлэн өөрийн оршин буй нийгмээ, нийгмээсээ хүнрүү чиглэсэн арга зүйгээр судлаж байсан бол антропологи, этнологи, этнографи ихэвчлэн өрөөл бусад үндэстэн угсаатнуудыг хүнээс нь нийгэмрүү чиглэсэн арга зүйгээр судалж эхэлсэн байдаг. Энэ утгаараа антропологи, этнологи хоёр “нийгэм судлалаас” эрс ялгарч бие даасан салбар ухаан болон хөгжсөн нь XX зууны эхэн үе болно.

Герман хэлтнүүдийн “ардын билиг зүй”. Германы эрдэмтэн Ханс Вермеүлен (Hans Vermeulen 1995) этнологи болон этнографи гэдэг нэр томъёоны түүхэн хөгжлийг судлаад хамгийн анх Германы түүхч, хэл шинжлээч Аугуст Лүдвиг Шлөзер (August Ludwig Schrözer) 1771 оны бүтээлдээ Словак язгуурын хэлнээс гаралтай ethnologia гэдэг үгийг[1] Герман хэлний Völkerkunde буюу “ардын билиг” гэсэн үгтэй адилхан утгаар хэрэглээд ард түмэн, үндэстнүүдийг тайлан тайлбарлах болон түүхийн судалгааг нэрлэсэн байна. Шлөзер тэр үед Оросын Цагаан хааны ивээл дор Петербург хотноо ажиллаж байсан бөгөөд үүний учир нь Оросын Цагаан хаан өөрийн захиргаанд орсон Төв Ази, Сибирийн олон үндэстнүүдийг судлан таних зайлшгүй шаардлага тулгасан байжээ (Wood 1997: 157). Үүнээс үзвэл Орос оронд энэ нэр томъёо төдийгүй энэ салбар ухаан энэ үед лавтай хөгжиж байсан бололтой.

Этнологи, этнографи гэдэг үгс Герман хэлэнд ийнхүү аль эртнээс хэрэглэгдэж байсан боловч энэ салбар шинжлэх ухааны нэлээд сүүлийн үе хүртэл Volkskunde буюу “тодорохой нэгэн үндэстэн угсаатны судлал”, Völkerkunde буюу “үндэстэн угсаатнуудын судлал” гэсэн хоёр төстэй нэр томёогоор илэрхийлж байжээ. Энэ хоёр бол Герман хэлт орнуудын Англи, Америкийн антропологитой хамгийн ойр дүйцэх салбар ухаан гэж үздэг. Харин нэлээд хожуу үес тэд үүнийгээ этнологи (ethnologie) гэж өөрчилсөн байна. Энэ төрлийн судалгааг анх эцэг хүү Фостер (Foster) нар эхлүүлсэн гэх бөгөөд тэд Английн далайчин ахмад Күүктэй (Cook) түүний хоёр дахь аялалд нь хамт явж судалгаа хийж байжээ. Дэлхийн Хоёрдугаар дайны дараа зүүн Германд Оросын этнографийн нөлөө ихэссэн байхад, харин баруун Герман, Австри, Швецарь зэрэг орнуудад Англи маягийн “нийгмийн хүн судлаачдыг олноор бэлдэж эхэлсэн байна. Юутай ч гэсэн Герман хэлтнүүдийн энэ салбар ухааны чиг хандлага түүх, археологи голлож байдаг (Dostal, Gingrich 1996: 263-265) нь ерөнхий чигийн хувьд Монголын угсаатны зүйтэй төстэй байна.

Францын этнологи (ethnologie). Хэдий этнологи, этнографи эсвэл антропологи гэдэг нэр томъёог хэрэглээгүй ч тэдэнтэй төстэй судалгаа хийж ялангуяа тэдний арга зүйг мэр сэр дурдсан тохиолдлууд байдаг. Францын судлаачид, гүн ухаантнууд бусад үндэстэн угсаатнуудын нийгэм, соёлыг сонирхон бичиж эхэлсэн анхны баримтууд бүр XVI зууны үеийн сэргэн мандлын үед хамаардаг байна. Үүний төлөөлөгчид нь Рабелес (Rabelais) буюу түүний дундад зууныхны сэтгэлгээний хэв маягийн тухай “угсаатны зүйн” (ethnography) ажил, мөн Монтайны (Montaigne) хүний махан хүнстэнгүүдийн тухай тэмдэглэл зэрэг болно (Leavitt 1996: 243).

1799-1804 оны хооронд Францад дэлхийн үндэстэн, угсаатнуудыг судлах “Хүмүнийг ажиглан шинжих нийгэмлэг” байгуулагдаж байжээ. Дараахан нь Францын хувьсгалаас дутаан одсон санваартан Дүбуа (Dubois) өмнөд Энэтхэгт хүрч суурьшин Энэтхэгчүүдийн ёс заншилын тухай бичиж үлдээжээ. Тэрээр тэр үеийн Европын судлаачдыг бусад үндэстэн, угсаатнуудыг судлахдаа нутагт нь очиж амьдрал дээр нь үздэггүй Европосоо судламар болж судлагдахуунаа бүрэн таньж мэдэлгүй өнгөцхөн онол гаргаж байдаг гэж шүүмжилж байжээ. Харин тэрээр өөрөө Энэтхэгчүүдийг судлан ойлгохын тулд тэдний итгэл найдварыг олох хэрэгтэйг ухаарч, тэгэхийн тулд яг тэдэн шиг аж төрөн, өмсөж зүүх эдэлж хэрэглэн энэ арга нь ч амжилтанд хүрсэн гэж өгүүлжээ. Тэрээр олон зүйл дээр ой нь гутаж байсан хэдий ч тэсэн өнгөрсөнөөр тэдний дунд нэвтрэн орж аль ч давхрааныхны итгэлийг олоод ямарч эртний нууцад нь нэвтрэх боломжтой болсон тухайгаа бичиж үлдээжээ (Deliege 1992: 57-58). Энэ бол түүнээс зуугаад жилийн дараа бий болсон антропологи, этнологи, этнографийн гол судалгааны арга болох “биечлэн дагах” арга зүй байлаа. Ингээд XIX зууны дунд үеэс Францууд энэ салбар ухаанаа этнологи гэж нэрлэж хэвшсэн бөгөөд энэ нь үндэстэн угсаатнуудыг ойлгож мэдэхийн тулд тэдний хэл, соёлыг судалдаг ухаан болсон байна (Leavitt 1996: 244).

Оросын этнография. Оросын цагаан хааны үед тэд өөрсдийн мэдэлд байсан Сибирийн ард түмнүүдийг судлан, бүртгэн тоочих ажил хийж түүндээ Германы судлаачдыг оролцуулж байсан тухай өмнө өгүүлсэн билээ. Үүнийг оруулаад өнөөг хүртэл Оросын этнографийг хөгжлийн гурван үе шат болгон хуваан үздэг байна. Эхнийх нь үе дээр дурдсан хувьсгалаас өмнөх хаант засгийн харъяалалдаа буй угсаатнуудыг бүртгэн баримжуулах ажил байсан бөгөөдл энэ нь XVIII зуунд эхэлж XIX зуун гэхэд бие даасан байгууллага болон өргөжиж өөрийн гэсэг эрдэм шинжилгээний сэтгүүл, музейтэй болсон байна. Дараагийн хоёр дахь шат бол хувьсгалаас хойших үе бөгөөд энэ нь Марксист онолд тулгуурласан, Ленинист бодлого баримталсан этнографийн судалгааны үе байжээ. Гурав дахь шат нь одоо дөнгөж эхэлж байгаа бөгөөд Марксисмаас хойших буюу 1990-ээд оноос хойш Зөвлөлтийн засаглал задран нээгдэж этнологи, антропологийн олон онолын чиг баримжаа бий болон Марксист үзэл бол тэдний зөвхөн нэг нь болон үлдэж байгаа өнөө үе юм (Tishkov 1996: 493-495). Үүний толдорхой жишээ бол тэд этнографи гэлэг нэр томъёог өөрчлөн өргөжүүлэх зорилгоор этнологи, антропологи гэсэн нэр томъёонуудыг авч хэрэглэж эхэлсэн явдал юм.

Англи, Америкийн нийгэм-соёлын антропологи. Харин Англи, Америкт янз бүрийн үндэстэн угсаатны нийгэм, соёлын олон зүйлийг тэр зүйл бүр дээр нь биш харин түүнээс илүү түүн доторх хүн дээр төвлөн судална гэсэн чиг хандлага бий болгож антропологи буюу “хүн судлал” гэж нэрлэжээ. Ингэхдээ Англид “нийгмийн хүн судлал” (social anthropology) гэх болж харин Америкт “соёлын хүн судлал” (cultural anthropology) хэмээн нэрлэж заншсан байна. Америкийн хүн судлалын эцэг гэгдэх Германы Еврей цагаач Франц Боас (Franz Boas 1858-1942) 1890-ээд оноос Америкийн уугууль иргэдийн соёлыг судалсан. Ингээд өөрийн судалгаагаа соёлын судалгаа гэж тодорхойлж байсан бөгөөд соёл гэдэг бол аливаа судлагдахууны дотоод мөн чанар мэтээр үзэж байжээ (Kroeber and Kluckhohn 1952). Энэ нь цаашлаад тэдний “хүн судлалыг” “соёлын хүн судлал” хэмээн нэрийдэхэд хөтөлсөн байна. Дараахан нь Английн хүн судлалын үүсгэгчид гэгдэх Польш гаралтай эрдэмтэн Бронислав Малиновский (Bronislaw Malinowski 1884-1942) Номхон далайн Тробрианд (Trobriand) арлынхныг, Алфред Режиналд Радклиффе-Броун (Alfred Reginald Radcliffe-Brown 1881-1955) Бенгалийн тохой орчмын Андаман (Andaman) арлынхны жишээн дээр нийгмийн бүтэц тогтолцоо, үйл ажиллагааг (functionalism, structural functionalism) голлон судалсан нь (Hendry 1999: 9) тэдний “хүн судлалыг” “нийгмийн хүн судлал” хэмээн нэрлэхэд хүргэсэн байна. Түүхийн энэ шатанд хүн судлалын энэ хоёр дэг сургуулийг ихэд ялгаатай мэтээр маргаж 1930-аад онд их хурцдасан байна. Нийгмийн хүн судлаачид соёлын хүн судлаачдыг “соёл ба хүний зан төлөвийг” л судалдаг хэмээн буруу ойлгож байсан бол соёлын хүн судлаачид нийгмий хүн судлаачдыг соёлын хүн судлалын нэгэн жижигхэн хэсэг буюу бүхэл цогц зүйлийн жаахан хэсгийг тасалж аван цогц байдлыг нь алдуулан судалдаг мэтээр буруу ойлгож байжээ (Wood 1997: 18). Америкийн хүн судлаачид Английн хүн судлаачдийг нийгмийн бүтэц тогтолцоо, үйл ажиллагаа гэсэн өнгөц, энгийн, амар хялбар зүйл судалдаг хэмээн тохуурхаж, харин өөрсдийн “соёлын хүн судлалаа” аливаа зүйлийн гүн гүнзгий утга мөн чанарыг судалдаг мэтээр ойлгоцгоож байсан гэдэг. Харин 1970 оноос хойш тэдний хоорондын ялгаа зөрөө арилж одоо бол харин ийм далд, өнгөцийн эсвэл бүхэл, тусгайгийн ялгаагүй гэдэг нь тодорхой болон нотлогдож эвлэрсэн байна. Хэдий тийм боловч одоо хэр хэрвээ хэн нэг нь энэ хоёрыг өөр гэж үзвэл “соёлын хүн судлал” хүмүүсийн мэдлэг, зан заншил, байгууллыг бүрэн цогц байдлаар судалдаг байхад “нийгмийн хүн судлал” бол харин нийгмийн харилцааны аль нэгэн тодорхой хэсгийг тухайлбал, шашныг, улс төрийг, эдийн засгийг, ураг төрлийг ч юмуу судалдаг (Wood 1997: 17) гэж ялгадаг байна.

Ийнхүү адил төстэй антропологи, этнологи, этнографи гэхчилэн харилцан адилгүй нэршиж тогтсон салбар ухаан Орос, Англи, Герман, Францад зэрэгцэн хөгжиж эхэлсэн байна. Этнологи болон этнографи гэдэг нэр томъёо л гэхэд 1820-оод он хүртэл Франц хэлэнд орж ирээгүй байхад Англи хэлэнд өмнө энэ үг мэр сэр хэрэглэгддэг байсан ч Оксфордын толь бичигт анх 1834 оноос орсон байна (Wood 1997: 157). Ингээд XX зууны эхнээс харь улс, үндэстний нийгэм, соёлыг судалдаг ухаан маань утга хэлбэр, чиг хандлагаа тогтоож эхлэн анхны хүн судлаачид, угсаатан судлаачид төрж эхэлжээ. Хэдий нэгэн зорилго чиглэлтэй адилхан ухаан байсан боловч өөр өөрийн бие даасан үүсэл хөгжлийн жамаараа ондоо ондоогоор нэрлэгдэх болсон байна. Үүнд, Герман, Франц, Орост янз бүрийн үндэстэн угсаатны судалгаа гэдэг утгаараа этнологи буюу ялангуяа Орост этнографи гэж нэрлэгдэх болжээ. 1950-аад оноос Монголд Оросоор дамжин дэлгэрч тэдний этнографи гэдэг нэр томьёо болон түүний Монгол орчуулга “угсаатны зүй” гэдэг үгийг бид мэдэх болсон.

“Соёлын хүн судлал”, “нийгмийн хүн судлал” хоёр өнөөгийн өндөрлөгт ялгаа зөрөө бараг үгүй болон нэгэн салбар ухаан болохыг ихэнх судлаачид зөвшөөрсөн байхад харин “хүн судлал”, “угсаатны зүй” хоёр ингэтлээ ойртон нэгдэж чадаагүй гэж үзэж болно. Англи, Америкийн хүн судлалын уламжлалаас гадна этнологи буюу “угсаатан судлал”, этнографи буюу “угсаатны зүй” бие даан зарим талаар тусгай салбар ухаан болон Франц, Герман, Орос зэрэг орнуудад түлхүү хөгжиж байлаа. Антропологи, этнологи, этнографи анх ерөнхий чиг хандлага нь янз бүрийн үндэстэн угсаатнуудын нийгэм соёлыг судлах нэгэн зорилготой, нэгэн арга зүйтэй байсан хэдий ч сүүлрүүгээ зарим оронуудын уламжлал холдон хөндийрч тус тусдаа бие даасан шинжлэх ухаанууд болон хөгжжээ. Энэ нь магадгүй хэлний ялгаа зөрөөнөөс болсон байх магадлал өндөр юм. Англи, Америкийн антропологи нэгэн хэлээр зангилагдаж байхад Европын этнологи, этнографид ийм боломж байгаагүй нь тодорхой юм. Цаашилбал, Франц, Герман, Оросын этнологи, этнографи тус тусдаа өргөжин хөгжсөн бөгөөд энэ хирээр ялгаа зөрөө нь улам ихэссэн байна. Оросын этнографи, хуучин зүүн Германы “ардын билигийг” бодвол Баруун Европ болон Францын этнологи (ethnologie) Англи, Америкийн антропологитой харилцаа холбоо ихтэй нэгэн онол, арга зүйг чамгүй хуваалцаж байсан нь энэ хоёр нэгэн дэг сургуулийн түүхэн хөгжлөөс илэрхий байдаг. Хамгийн энгийн баримт жишээг дурдвал Англи хэл дээр орчуулагдаад “хүн судлалын” тулгуур сурах бичигт ордог Герман, Францын хүн судлаачдын бүтээл олон байхад харин Оросын хүн судлаачдын орчуулагдсан бүтээл гэх зүйл харьцангуй цөөн байна.

Дүгнэж үзвэл, түүхэн гарлын анхны шатандаа төстэй байгаад, аажимдаа хөгжлийн явцад бүрэн нээгдээгүй, харилцан холбогдоогүй антропологи буюу “хүн судлал”, этнологи буюу “угсаатан судлал”, этнографи буюу “угсаатны зүй” гэсэн салбар ухаанууд дэлхийн олон орнуудад хөгжсөн байна. Үүнд, нарийвчлан яг таг зааглах аргагүй нэгдэн хөгжсөн Англи, Америкийн антропологи буюу “хүн судлал”, түүнтэй нэлээд төстэй, холбоо харьцаатай Франц болон зарим Герман хэлтнүүдийн этнологи, үүнээс цаашлаад Англи, Америкийн “хүн судлалаас” улам бүр ялгаа нь ихсэж холбоо харьцаа нь хөндийрсөн хандлагатай Германы “ардын билиг зүй, аман зохиол” цаашлаад Оросын этнография, голдуу түүнээс уламжилсан Монголын “угсаатны зүй” гэсэн бүдүүвч ажиглагдах бөгөөд эдгээрийн ялгаа зөрөө дараагийн хэсгээс тодорхой харагдана.[2]

Монголын “угсаатны зүй” болон

этнологи, этнографи, антрополгийн

хоорондын уялдаа холбоо ялгаа зөрөө

Орчин үеийн олон нэвтэрхий толь, антропологи болон этнологийн тайлбар толиудад этнологи (ethnology) гэдийг “нийгэм соёлын хүн судлалтай” (social-cultural anthropology) адилхан нэг зүйл гэж тайлсан байдаг. Тухайлбал, Алан Барнард (Alan Barnard), Жонатан Спенсер (Jonathan Spencer) нар Нийгэм соёлын хүн судлалын нэвтэрхий тольдоо (Encyclopedia of Social and Cultural Anthropology) этнологи (ethnology) гэдгийг “өргөн утгаараа нийгэм-соёлын хүн судлалтай ижил” (1996: 604) нэр томъёо гэжээ. Британника нэвтэрхий тольд (Encyclopaedia Britannica 2003) “аман зохиол, ардын билиг зүй, хэл шинжлэл, археологи, этнографийн онол арга зүй, материалыг ашиглан дэлхийн үндэстнүүдийг судалдаг антропологийн нэгэн томоохон хэсэг”[3] гэж тодорхойлжээ. Сүүлийн үеийн Оросын эрдэмтэд ч үүнтэй адил саналтай байдаг ажээ. Тухайлбал, Оросын этнологич С.В. Лурье энэ хоёр нэр томъёо бие биенээ орлож явдаг бөгөөд тодорхой ялгаа зөрөө байгаа гэж бичсэн нотолсон зүйл бараг үгүй байна (Лурье 1999: 9) гэж үзжээ. Энэ мэтийн эх сурвалжаас үзвэл, түүнчлэн өмнөх хэсэгт өгүүлсэн анхны түүхэн гарлын үүднээс ч этнологи, антропологи хоёр ялгаа зөрөөгүй нэгэн зүйл мэт хэн хүнд харагдах нь ойлгомжтой. Ингэж үзвэл, нэрний хувьд ч аль нь ч байсан ямарч ялгаагүй мэт санагдаж байж болох юм. Хэдий тийм юм шиг боловч үнэн хэрэгтээ тэдний хоорондын нарийн ялгаа орон зай, цаг хугацаагаар нэмэгдсээр ирсэн бөгөөд судлаачид ч үүнийг албан бус байдлаар мэдэж, хүлээн зөвшөөрч байдаг. Барууны мэргэжилийн нэр томъёоны толь бичигт этнологи, антропологи хоёрыг адил мэт тайлбарласан байгаа нь хоёрхон гол хүчин зүйлийг үндэс болгожээ. Нэгд, энэ хоёр салбар ухаан аль аль нь янз бүрийн хүний нийгмүүдийг, соёлуудыг судалдаг гэсэн машид ерөнхий, өмнөх хэсэгт дурдсан үүсэл хөгжлийн хамгийн анхан шатанд байсан одоо ч гэсэн дэлхийн олон оронд хөгжсөн энэ хоёр салбар ухааныг нэгтгэх цорын ганц хүчин зүйл юм. Хоёрт, хүрээ царааны хувьдаа зөвхөн Евро-Америкийг, Францын этнологи Англи, Америкийн “нийгэм-соёлын хүн судлалтай” жаахан ч гэсэн холбоотой хөгжсөн дээр үндэслэн хэлж байна. Энэ бол нэг талаасаа этнологи, антропологи хоёрыг улам бүр нэг голдрилд оруулан нэгэн шинжлэх ухаан болохыг бататгах гэсэн олон орны эрдэмтэдийн хичээл зүтгэлийн үр дүн гэлтэй.

Миний гол төвлөрөх зүйл бол энэхүү нэгдсэн голдрилд бид хэрхэн хамрагдсан билээ гэдэг асуудал билээ. Ялангуяа, Англи, Америкийн “хүн судлал”, Оросоор дамжиж хөгжсөн Монголын “угсаатны зүй” хоёр нэг салбар ухааны хоёр тууль мэт бөгөөд ялгаа зөрөө нь Франц, Английнхны, эсвэл Орос, Францынхны хоорондын ялгаанаас хавьгүй гүнзгий хамгийн их ялгаатай нь бололтой.

Антропологи, этнологи хоёр болон Монголын “угсаатны зүйн” ялгаа зөрөөг тайлбарлахаас урьд эдэнд бүгдэнд нь байдаг нэгэн зүйлийн талаар задлан өгүүлэх шаардлагатай байна. Энэ бол этнографи буюу Америкийн anthropology-оос аваад Монголын “угсаатны зүй” хүртэл бүгдэнд байдаг нэгэн нэгдмэл онцлог нь юм. Америкийн хүн судлаач профессор Рожер Санжек (Roger Sanjek) антропологит этнографи гэдэг нэр томъёо хоорондоо холбоотой хоёр зүйлийг заан нэрлэдэг гэжээ. Нэгд нь, “хээрийн шинжилгээний ажил хийх үйл явц” (participant observation or fieldwork) байхад түүний хоёрдахь утга нь, тэрхүү хээрийн шинжилгээний ажлаар цуглуулсан баримт сэлтийг эмхэтгэн тайлан тайлбарлан бичсэн антропологийн зохиолуудын нэгэн хэлбэр болсон судалгааны бүтээл (product) юм (Sanjek 1996: 193). Бостоны Их Сургуулийн хүн судлаач Петер Вүүд (Peter Wood) этнологи, этнографи хоёрыг харьцуулан тайлбарласан байна. Тэрээр этнологи гэдэг бол “олон үндэстний соёлыг харьцуулан соёлын үзэгдлүүдийг шинжлэх ухаанчаар тайлбарлах оролдлого” хэмээн антропологийн онолын ажил гэсэн санаа хэлээд, харин этнографи гэдэг бол “хээрийн шинжиллгээний ажил дээр үндэслэн гаргаж ирсэн нэгэн үндэстэн угсаатны соёлыг тогтолцоотойгоор тайлбарлан дүрсэлсэн бүтээл” (Wood 1997: 157) гэжээ. Ийм этнографийн бүтээл гэдэг бол антропологийн гол бүтээгдэхүүн болох онолын судалгаанаас ялгардаг өөр нэгэн зүйл юм. Энэ хоёрын гол ялгаа гэвэл этнографи нь нэгэн угсаатан хүмүүсийн нийгэм соёлыг тайлан тайлбарлахыг гол болгож байхад, удаах нь буюу антропологийн онол нь энэхүү үндэстэн, угсаатнуудын жишээг баримт болгон үндэслэж хүний нийгэм соёлын тухай ерөнхий онол гаргахыг гол зорилго болгосон байдаг. Үүний нэгэн адил Францууд ч этнологи (ethnologie) гэдгээр антропологийг илэрхийлэн түүн дотор этнографиг (ethnographie) багтаадаг. Хурайнгуйлвал, этнографийг “тайлбарлах угсаатны зүй”, харин нөгөөг нь “онолын хүн судлал” гэж монголчилж болох юм (Мөн Белгийн хүн судлаач Robert Deliege бүтээлдээ ийм утгаар ялган үзсэн байна).

Энэ этнографи буюу “тайлбарлах угсаатны зүй” гэж нэвтэрхий толь, сурах бичигт тайлбарладаг Англи, Америкийн антропологи болон Францын этнологийн нэгэн хэсэг бусаг бие даан хөгжиж 1990-ээд он хүртэл Орос, Монголд түлхүү уламжилсан байна. Харин түүнээс өмнө этнологи гэдэг нэр томъёо 1930, 1940 оны үеэс байсан боловч дээрх өрнөдийнхний утгаар хэрэглэж байгаагүй ажээ. Сүүлийн үеэд Оросын эрдэмтэн А. П. Садохин, Т. Г. Грушевицкая нар этнология гэдгийг шинжлэх ухаан гээд харин этнография гэдгийг энэ шинжлэх ухааны доторх нэгэн хэсэг гэж тодорхойлсон (Садохин, Грушевицкая 2000: 28-29, 298) нь тэд 1990-ээд оноос өмнө нэгэн бүхэл шинжлэх ухааныг биш харин түүний нэгэн хэсгийг буюу суурь судалгааг хөгжүүлж байснаа хүлээн зөвшөөрч эхэлсэн хэрэг. Энэ өөрчлөлт Монголыг тойролгүй дайрч манай ахмад угсаатан судаалч Г. Цэрэнханд 1995 оноос этнографи гэдэг нэрийг өргөтгөх зорилгоор этнологи буюу “угсаатан судлал” болгон өөрчилсөн нь зөв зүйтэй алхам байлаа. Нэгэнтээ ийм хувь зохиолтой явж ирсэн тул бидний өнөөгийн “угсаатны зүй” Англи, Америкийн уламжлалтай антропологиос нэлээд ялгаатай болсон байна.

Нэгд, юуны өмнө аль нэгэн шинжлэх ухааны салбар хэрвээ нэг салбар ухаан юм бол хамгийн наад зах нь нэгэн ерөнхий дэг сургуультай, уламжлалтай байдаг билээ. Өөрөөр хэлвэл, гүн ухаан гэхэд л дэлхийн аль ч оронд үзсэн бай хамаагүй хамгийн наад зах нь Аристотел, Хегел (Гегель) гэхэд хэн ч мэдэж байдаг. Иймээс эдгээр нь хэрвээ нэг салбар ухаан юм бол Монголын “угсаатны зүйн” оюутны олж авсан мэдлэгийн ядаж хэдэн хувь нь Англи, Америкийн антропологийн оюутнуудын сурсантай таарч байх учиртай. Харин ингэж таарах зүйл бараг үгүй байдаг. Монголын “угсаатны зүйн” оюутан Бронислав Малиновскийг (Bronislaw Malinowski 1884-1942), Франц Боасийг (Franz Boas 1858-1942) танихгүй төгсөж байгаа нь, эсвэл Англи “хүн судлаач” оюутан Б. Ринчен гуайг мэдэхгүй байгаа нь хэн нэг нь “тэнэг” эсвэл “буруу” байгаа хэрэг биш харин зүгээр л энэ хоёр салбар шинжлэх ухаан хоорондоо харьцаа холбоо тогтоолгүй өөр өөр салбар ухаан болон хөгжсөнийх биз ээ. Дэлхийн шинжлэх ухаан ийм хоорондын харилцаагүй үргэлжлээд байвал түүнийг шинжлэх ухаан хөгжиж байна гэж хэлэхэд бэрх юм. Миний бичсэнийг үзэхгүйгээр тэнд өөр нэг хүн адил зүйл бичсээр л байна гэсэн үг. Эсвэл аль эрт хэн нэг нь нотолчихсон тэр нь алдарт гарчихсан онолыг би мэдэхгүй бас нотлох гээд л өөрийн жижигхэн, буйд аглагтаа тэмцсээр байна гэсэн үг. Ингээд үзэхэд Монголын “угсаатны зүй” Англи, Америкийн антропологитой судалгаа шинжилгээний түүхэн хөгжлийн хувьдаа хэзээ ч нэгэн бүхэл байгаагүй мэт болж ирж байна.

Хоёрт, арга зүйн хувьдаа аль аль нь хээрийн шинжилгээний ажил хийх боловч хоёр ондоо түвшинд явагддаг. “Хүн судлалд” судлаачийг судлаж байгаа хэсэг бүлэг хүнийхээ гүнд орж наад зах нь нэг жил судалж буй газар оронд сууж, гадны хирнээ тэр нутгийн, тэр айлын хүн болох шаардлага тавьдаг бол ялангуяа сүүлийн үед эдийн засаг, улс төрийн олон шалтгаанаар “угсаатны зүйд” энэ арга зүйн зарчим алдагдаж судалж буй хүмүүсээ “би монгол чи монгол учраас бид бие биенээ сайн мэднэ” гэдэг шалтгаанаар хээрийн судалгааны ажлыг хэт богино хугацаагаар буюу сурвалжлагч ярилцлага авах төдийхнөөр хийж байх нь элбэг. Энэ нь байж болох ялгаа боловч “хүн судлалыг” “хүн судлал” болгож байдаг хамгийн чухал зүйл нь “угсаатны зүйд” алдагдахад хүрч байгаа нь энэ хоёр өөр өөр салбар ухаан мэт дүрслэлийг бий болгож байна.

Гуравт, судлагдахууны хүрээ царааны хувьдаа, антропологи мөн Европын этнологи анхнаасаа харийн соёлыг, өөрийнхөөсөө өөр нийгмийг судлах зорилготой гарч ирсэн бөгөөд энэ чанар нь одоо өөрийнхөө соёлыг судалдаг native anthropology буюу “уугууль нутгийн хүн судлал” гэж бий болсонийг эс тооцвол өнөө хэр харийг судлах чанар нь хүчтэй хадгалагдаж байдаг. Харин Монголын “угсаатны зүйд” энэ чанар бараг гээгдсэн гэхэд хэлсдэхгүй. Өөрөөр хэлбэл, бидний “угсаатны зүй” “монгол судлал” болон хувирчээ. Хэн нэг нь бид монгол дахь өөр өөр угсаатны бүлгүүдээ судлаад байгаа юм биш үү гэх бизээ. Энэ нь буруу биш боловч үүгээр хязгаарлаад орхивол учир дутагдалтай болно. Учир нь хүрээ царааны хувьдаа монгол судлалдаа л багтсаар байна гэсэн үг. Энэ бол манай “угсаатан судлал” антропологитой харьцуулвал түүний нэгэн хэсэг болох өмнө дурдсан “уугууль нутгийн хүн судлалын” хэмжээнээс халихгүй байна гэсэн үг юм. Харин хүн судлалын ёсоор бол үүнээс өргөн хүрээтэй судалгаа хийх учиртай буюу хөрш ард түмнүүдээ тухайбал, хамгийн наад зах нь Буриадыг, Өвөр Монголыг, цаашлаад, Оросыг, Хятадыг судалж байх учиртай болно.

Дөрөвт, судлагдахууны цаг үеийн хувьдаа “хүн судлал” одоог гол эх сурвалжаа болгон одоо үеийг судалдаг байхад харин манай “угсаатны зүй” уламжлалт соёлыг буюу өнгөрсөнийг голлон судлаад байдаг. Цаашилбал, судалгааны сэдвийн хувьд дандаа монголын уламжлалт нийгэм-соёлын зүйлсийг гол сэдвээ болгож байдаг. Тийм ч учраас “угсаатны зүйг” түүх судлалын нэгэн хэсэг хэлтэрхий хэмээн тодорхойлж байдаг нь түүнийг одоотой биш харин өнгөрсөнтэй хамаатуулж сэтгэдэгийн илрэл болно.

Тавд, бие даасан салбар ухаан гэдэг үүднээсээ “хүн судлал” нийгэм, соёлд хандах өөрийн гэсэн өвөрмөц чиг хандлагатай, зарчимтай байдаг. “Хүн судлал” “угсаа төвлөх үзэл” (ethnocentrism) буюу хэн нэгэн өөрийнхөө соёлыг бусдынхаас илүү дээр хэмээн сэтгэж бусдын соёлыг өөрийн нэг л соёлын хэм хэмжээ, үнэлэлтээр тодорхойлохыг учир зүйд нийцэхгүй гээд “соёлын харьцангуй байдал” (cultural relativism) буюу янз бүрийн соёл болгоныг өөрийнх соёлын хэм хэмжээ, үнэлэлтээр харвал илүү ойлгогдоно гэдгийг гол зарчмаа болгодог (Kottak 2004: 353-355). Жишээлбэл, өмнөд Хятадын иргэд өт хорхой шарж хуураад амтархан идэх соёл зөвхөн тэр соёлынхоо хэм хэмжээгээр л хичнээн сайхан амттай болох нь ойлгогдохоос биш тарган хонины мах амтархах дуртай Монгол соёлын хэмжүүрээр огт ойлгомжгүй зүйл санагдана. Харин бидний гүүний айраг ууж, адуу тэмээний мах идэх соёл, хорхой шавьж иддэг өмнөдийнхний соёл ухамсраар төсөөлөхөд бэрх байх нь ойлгомжтой. “Хүн судлалын” энэ зарчим Монголын “угсаатны зүйд” нэлээд алдагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, “угсаатны зүйн” “угсаа төвлөх үзлийн” шинж чанар нь давамгайлах болжээ. Бидний судалгаанд өөрийн түүх соёлоо бусдынхаас дээгүүр бодсон, түүгээрээ бахархасан, манай монгол соёл л ийм сайн сайхан, аугаа баян, гүн гүнзгий гэхчилэн шагширсан сэтгэгдэл ихээр агуулагдаж байдаг. Тиймээс бид өөрсдийн өвөг дээдсийн буюу өнгөрсөн үеийн “гайхамшигтай” гэж өргөмжилсөн түүх соёлоо магтан сайшаасан аястай судалгаа хийгээд байхаас биш харин буруутган шүүмжилсэн судалгаа маш цөөхөн байдгийг хэн бүхэн мэдэж байгаа. Ингэвэл эрдэм шинжилгээний ажил дэндүү нэг талыг барьсан туйлширсан бодит бус үр дүнтэй болно. Судалгааны сэдвүүдийг авч үзвэл ихэвчлэн уламжлалт соёл гэсэн нэгэн бүхэл агуулгад багтаж байдаг. Хамгийн наад захын жишээ дурдахад бид Хятадын их гүрэний улс төрийн хүчийг буруутгаад муулаад Монголчууд тэгдэггүй мэтээр сэтгээд байхаас биш харин үнэн хэрэгтээ энэ бол Хятад, Монголоос шалтгаалж байгаа хэрэг биш харин ямар ч их үндэстэн багаа дарамталж байдаг гэдэг үүднээс харж судалдаггүй билээ. Хятад гэлтгүй бид ч баруун монголчууд, Буриад, Казах, Тува нараа чамгүй гадуурхасан. (дэлгэрэнгүйгээр Bulag 1998-г үз) Үүнийг бичиж тайлбарласан Монгол судлаачийн бүтээл бараг үгүй байна. Яагаад гэвэл бид өөрсдийгөө магтах дуртай “угсаа төвлөх” (ethnocentrist) үзэлтэй ажээ. Энэ утгаараа “угсаатны зүй” маань монгол судлалын нэгэн хэсэг болж таарна.

Монголын “угсаатны зүй” болон Евро-Америкийн этнологи, антропологи хоёрын энэ ялгаатай байдалд хоёр хариулт өгч болно. Нэг нь, зарим хүмүүс угаасаа энэ хоёр салбар ухаан хоёр өөр салбар ухаанууд юм гэж маргаж болох юм. Тэгвэл, Монголд “нийгэм-соёлын хүн судлал” гэдэг шинжлэх ухааны энэ салбар огт байхгүй гэсэн үг бөгөөд шинээр нээвэл зохилтой гэсэн үр дүн гарна. Эсвэл, хоёртох нь, өөр нэг хэсэг нь энэ хоёр угаасаа нэг салбар ухаан байгаад нэгдэн хөгжих учир зүйтэй атлаа энэ зүй зохисоо хадгалж чадалгүй салцгаасан гэдэг дүгнэлт илүү үнэнд нийцтэй. Ингэж үзвэл энэ хоёрыг дахин нэгтгэх бодлого баримтлах шаардлагатай болж байна.

Этнологи болон антропологийн ирээдүйн чиг хандлага

Дүгнэж үзвэл, “угсаатны зүйн” цаашдийн чиг хандлагыг антропологи юмуу этнологи гэж нэрлэх нь зохимжтой гэдэг тодорхой юм. Харин эндээс алийг нь сонгож авах вэ гэдэг бол бидний дараагийн асуудал болж байна. 1995 оноос хойш этнологи гэсэн сонголт хийсэн нь зөв зүйтэй шийдэл байсан боловч бас дутагдалтай талууд нэлээд байна. Учир нь дэлхий дахинд этнологи гэдэг нэр томъёо улам шахагдаж антропологи гэдэг нь хүчтэй түрэн орж ирж байгаа нь олон жишээн дээрээс тодорхой байдаг. Этнологи гэдэг үг антропологи гэдэг утгаар хамгийн хүчтэй хэрэглэгдсээр ирсэн Франц хэлтнүүд л гэхэд сүүлийн үед энэ хоёр нэр томъёог хосоор хэрэглэх эсвэл заримдаа дан антропологи гэж хэрэглэх тохиолдол нэлээд түгээмэл болоод байна. Тухайлбал, Францын энэ мэргэжилийн томоохон толь бичиг нь “Этнологи, антропологийн толь бичиг” (Dictionaire de l’ethnologie et de l’anthropologie 1991) гэх буюу голлон үздэг сурах бичиг нь “Нийгэм, соёлын антропологи” (Anthropologie sociale et culturelle 1992) гэсэн нэртэй байна.

Түүнчлэн хэдий энэ хоёр нэр томъёо ялгаагүй нэгэн зүйлийг нэрлэж байгаа гэж ном сурах бичиг, нэр томъёоны толиудад санал нэгтэй хүлээн зөвшөөрөх боловч аль нэрийг нь хэрэглэж байна тэр дэг сургуулийг баримталж дэмжиж байна гэсэн санаа болдог. Тодруулбал, бид монголоор “соёлын хүн судлал” англиар cultural anthropology гэдэг нэрийг авч хэрэглэвэл дэлхийн хүн судаалчид биднийг Америкийн, харин “нийгмийн хүн судлал” буюу social anthropology гэвэл Английн, этнологи (ethnology) гэвэл Францын дэг сургуулийг баримталж байгаагаа илэрхийлэхийн нэгэн хэлбэр болно.

Дээрх хоёроос гадна бас нэгэн албан бус зөрөө ажиглагдаж байдаг. Олонх нийгэм-соёлын хүн судлаачдын хувьд Оростой шинжлэх ухааны хэлхээ холбоо зузаантай тухайлбал Монголд этнологи гэдэг нэр томъёо хэрэглэхэд нэгд, Францын бус харин Оросын дэг сургуулийг дагаж байна гэж хүлээн авах магадлал өндөр бөгөөд хоёрт, Орос, Монголд нэгэнтээ олон жил этнологи биш этнографи байсан гэдгийг мэдэх тул тэр утгаараа бидний шинэчлээд өгсөн этнологийг этнографи хэмээн хандсаар байх нь түгээмэл байдаг.

Монголд өдий болтол байсан этнографи дээр суурьлан этнологи, антропологийг цэгцтэй бүрэн бүтнээр нь хөгжүүлэхэд бид аль нэгэн их соёлын дэг сургуулийг сонгон дагах нь олон оронд байгаа энэ салбар ухааныг нэгтгэн ойртуулах гэсэн дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг сөрсөн хэрэг болохын сацуу дэндүү хязгаарласан, мөн манайх шиг бага улсад бодлогын хувьд ашиггүй, зөв зүйтэй сонголт биш юм. Түүнчлэн, нэгэнтээ шахагдан өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэхийн тулд антропологи гэдэг үгийг хамт хэрэглэхдээ хүрээд байгаа этнологи гэдэг нэр томъёог хэрэглэх нь ч туйлын зөв шийдэл биш болж таарч байна. Харин түүний оронд нэгэнтээ дэлхийн олон оронд хүчтэй дэлгэрч байгаа олон улсууд хүлээн зөвшөөрч, танин мэдэж байгаа антропологийг авч хэрэглэх нь зөв зүйтэй юм. Ингэхдээ дангаар нь антропологи гэж хэрэглэвэл антропологийн салбар ухаанаас ялгарахгүй, тухйалбал биологийн антропологиос ялгагдахгүй болох тул түүнийг тодотгож “нийгэм-соёлын” гэдэг нэмэлтийг нь хамт хэрэглэх нь зүйтэй болов уу. Энэ нэрийн давуу тал нь нэгд, биднийг этнологи ялангуяа Орос, Монголд дангаараа байсан этнографитай хольж солихгүй; хоёрт, энэ нэр нь аль нэгэн дэг сургуулийг онцлоогүй олон улсад хэрэглэгдэж байгаа тул бидний уялдаа харилцаа олон улсын түвшинд уян хатан альч улсын энэ салбарын байгууллагатай харьцах боломжийг нээж өгнө; гуравт, нэгэнт дэлхий нийтийн хэл болж байгаа англи хэлээрх бүхий л үйл ажиллага, судалгаа шинжилгээнд ойртоно гэхчилэн олон зүйлийг дурдаж болно.

Ном зүй

Бадамхатан С. 2005. Эрдэм шинжилгээний бүтээлүүд, 3-р боть, Улаанбаатар:

Монголын үндэсний түүхийн музей.

Barnard A., Spencer J. 1996. Encyclopedia of Social and Cultural Anthropology

(Нийгэм, соёлын хүн судлалын нэвтэрхий толь). London: Routledge.

Bonte P., Izard M. 1991. Dictionaire de l’ethnologie et de l’anthropologie (Этнологи,

Антропологийн толь бичиг). Paris: Presses Universitaires de France.

Bulag, Uradyn E. 1998. Nationalism and Hybridity in Mongolia (Монгол дахь

үндэсхэрхэг үзэл ба эрлийзжилт). Oxford: Clarendon.

Deliege R. 1992. Anthropologie sociale et culturelle (Нийгэм, соёлын хүн судлал).

Bruxelles: De Boeck University.

Dostal, W., Gingrish, A. 1996. German and Austrian Anthropology. Barnard A., Spencer

J. нарын эмхэтгэсэн Encyclopedia of Social and Cultural Anthropology дотор. London: Routledge.

Hendry J. 1999. An Introduction to Social Anthropology: Other People’s Worlds

(Нийгмийн хүн судлалын удиртгал: Өөр хүмүүсийн ертөнц). London: Macmillan Press.

Kottak C. P. (1974) 2004. Anthropology: The Exploration of Human Diversity. Montreal:

McGraw-Hill.

Leavitt, John. French Anthropology. 1996. Ethnography (Этногафи). Barnard A.,

Spencer J. нарын эмхэтгэсэн Encyclopedia of Social and Cultural Anthropology дотор. London: Routledge.

Лурье С.В. 1999. Историческая Этнология. Москва: Аспент Пресс.

Sanjek R. 1996. Ethnography (Этногафи). Barnard A., Spencer J. нарын эмхэтгэсэн

Encyclopedia of Social and Cultural Anthropology дотор. London: Routledge.

Садохин А. П., Грушевицкая Т.Г. 2000. Этнология. Москва: Высшая Школа.

Tishkov, Valery. 1996. Russian Anthropology. Barnard A., Spencer J. нарын

эмхэтгэсэн Encyclopedia of Social and Cultural Anthropology дотор. London: Routledge.

Wood P. W. 1997. Ethnography and Ethnology. T. Barfield-ийн эмхэтгэсэн The

Dictionary of Anthropology (Хүн судлалын толь). Oxford: Blackwell Publishing.



[1] Манай угсаатны зүйг үндэслэгч эрдэмтэн С. Бадамхатан энэ үгийн гарлыг Грекээс үүдэлтэй гэж бичсэн байдаг (Бадамхатан 2005: 3).

[2] Эдгээрээс гадна баруун Европын, Скандинавын орнуудын, Японы гэх мэтийн олон уламжлал, дэг сургууль байж болохыг энд дурдахгүй өнгөрөх аргагүй. Гэхдээ энэхүү өгүүлэлд энэ салбар ухаанд гол гэгдэх, монголын Угсаатны зүйын уламжлал шинэчлэлд нөлөө бүхий дэг сургуулийг дурдлаа.

[3] Тус нэвтэрхий толийн 2003 оны digital буюу цахим хэвлэлээс ишлэн авав.

No comments:

Post a Comment