Thursday, October 15, 2009

ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 5


МЭДЭЭЛЛИЙН БААЗТАЙ БОЛОХ НЬ
Залуу хүмүүсийн байнга асуудаг зүйл нь хэрхэн хурдан мундаг судлаач, эрдэмтэн болох вэ гэсэн асуулт байдаг. Энэ нь Таны мэдээллийн баазаас нэлээд хамаарна. Аливаа судлаач хүнд заавал байх зүйл нь мэдээллийн бааз байдаг.

anthropology.jpg (343×400)


• Мэдээллийн бааз гэдэг бол Таны сонирхон судлаж буй сэдэв, чиглэлд хамаарах бүхий л ном зохиол, өмнөх судалгааны материал зэрэг болно.

• Зарим хүн ном их уншаад байвал их мэдлэгтэй болж, түүгээрээ бүх зүйлийг шийдэх мэт боддог. Энэ бол залуу хүнд байдаг онолчирхох өвчин юм. Би ч гэсэн ийм өвчтэй байлаа. Аль болох их юм мэдэж мундаг хүн болох гэж үзэгдсэн харагдсанаа бүгдийг нь уншихыг оролддог байв. Надаас мундаг онолч байхгүй мэт санагдах үе ч байснаа Та нараасаа нуух юун.

• Шинжлэх ухаан сонирхдог залуу хүнд энэ нь ямар нэг хэмжээгээр байдаг юм. Энэ нь буруу зүйл огтхон ч биш. Би л лав үүнийхээ хүчинд салбар салбарын зах зухаас чамгүй зүйл уншиж цээжилсэн юмдаг.

• Хамгийн гол нь залуугийн энэ онолын өвчнөөс хурдан салахыг бодож үз. Харь гаригийнхан, сүнс, урлаг, уран зохиол, философийн үндсэн чиглэлүүд гээд мэдэхгүй юмгүй хүн зөндөө бий. Иймэрхүү зүйлийг би залуудаа мэдлэг гэж боддог байсаан. Гэтэл энэ бол дэндүү их эндүүрэл байсан билээ.

• Иймэрхүү мэдлэг нь энд тэндээс цээжилсэн, хоорондын ямар ч уялдаа байхгүй зүгээр л ишлэлүүдийн цуглуулга байдаг юм.

• Карл Маркс: “Замбараагүй мэдлэг бол дотроос нь хэрэгтэй юмаа олж чадахгүй ундуй сундуй агуулахтай адил” гэж хэлснийг ямагт санаж яваарай.

• Мэдээллийн энэ зуунд Та бүх зүйлийг уншиж хэзээ ч барахгүй. Тэр ч байтугай өөрийнхөө мэргэжлийн бүх ном зохиолыг уншиж барна гэж ч байхгүй нь хэнд ч ойлгомжтой.

• Юуны өмнө Таны сонирхон судалж буй сэдэв чиглэлтэй холбоотой ном зүйн цуглуулга, жагсаалт хийгээд үз. Энэ ч бас хэцүү.

• Энэ тохиолдолд онолын чиглэл, гол гол урсгалууд, тулгамдсан асуудлыг судалсан харьцуулсан бүтээл олж аваад хэрэгтэй гэж мэдэрсэн (одоохондоо та бүхнийг мэдээгүй байгаа учраас мэдрэмж) гол том хэдэн зүйлийг буюу номыг А–Я–гүй унш, тэмдэглэл хий.

• Энэ нь ахиад л хэцүү. Яагаад гэвэл Таны сонгон уншиж судлахаар шийдсэн том эрдэмтдийн ном бас л хэтэрхий олон байдагтай энэ нь холбоотой. Жишээлбэл, К.Маркс гэхэд л 55 боть номтой, Гумилев гэхэд 50 орчим номтой. Та бүгдийг нь уншиж хэзээ ч барахгүй.

• Ямар ч эрдэмтэнд онолынхоо үндэслэл, арга зүйг онцгойлон гаргасан “түлхүүр” ном гэж байдаг. Жишээлбэл, К.Маркст “Капитал-ын 1 дүгээр боть, Гумилевт “Дэлхийн био хүрээ ба угсаатны хам хөгжил” гэсэн түлхүүр номууд байх. Эдгээрийг сайтар уншсан байхад бусад нь тэр арга зүйдээ захирагдан бичсэн зүйлүүд байдаг юм. Хэрэв Танд тодруулах шаардлага гарвал бусдаас нь сонгоход амар байдаг юм. Хэрэв юунаас эхэлж, хэнийг уншихаа мэдэхгүй байвал ичиж зоволгүй багш нар, нөхдөөсөө асуу.

• Ном уншихдаа Та гол гол дүгнэлтийг биш, энэ дүгнэлтийг хийсэн аргуудыг илүүтэй сонирхох ёстой. Энд би Таныг арга зүй хэмээх зайлшгүй мэдэх ёстой зүйл рүү аажим аажмаар дөхүүлэх гэж оролдож байна. Энэ тухай дараагийн хэсэгт бичих болно.

• Бидний уншиж бахархдаг, дүгнэлтийг нь практик судалгаандаа ашиглахыг хүсдэг гадаадын том эрдэмтэд монголыг ерөөсөө судлаагүй байх нь бараг хууль. Ухаандаа монголыг сайн судалсан Гумилев гэхэд л XYI зуунаас хойшхи асуудлыг хэзээ ч судалж байгаагүй. Тэд өөрсдийнхөө нийгмийг буюу бүлэг нийгмийг л голдуу судалсан байдаг. Гэтэл Монгол маань нэн өвөрмөц нийгэм гэдгийг Та бид сайн мэднэ.

• Түлхүүр зохиолуудыг уншсан байхад бусад ном зохиолыг түүнтэй харьцуулан үзэх Таны боломж нэмэгдэж, Таны мэдээллийн баазын суурь тавигдана гэсэн үг. Үүн дээрээ үндэслэн тухайн сэдвээрх гол гол ном зохиол, өгүүллийг уншиж тэмдэглэл үйлдэх нь энэхүү баазыг өргөтгөх гол арга зам болно.

• Мөн энэ талаар бичсэн монголынхоо зохиол бүтээлүүдийг нэг шүүрдээд үз. Энд голдуу сэтгэл зүйн бэршээл гардаг юм. Одоо Та том том суутнууд биш, бараг эн чацуу хүмүүсийн юмыг унших болж байна. Ингэхэд Та ёстой шүүмжлээд эхэлнэ дээ. Эхлээд тэдний сайн талыг олж харахыг хичээ, дараа нь эргэлзэж байгаа буюу буруу гэж үзсэн зүйлсээ харьцуулж тэмдэглэ.

• Олон жил ийм маягаар ажиллахад Таны мэдээллийн бааз илтэд нэмэгдээд ирнэ. Энэ чинь Таны мэдлэг мөн тэр хэмжээгээр тодорхой системтэй болж байна гэсэн хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл Та өөрийн гэсэн санаа бодлоо харьцуулж, жиших, зөвшөөрөх, эс зөвшөөрөх олон асуудлуудтай боллоо гэсэн үг.

• Дээхэн үед олон хүн дэвтэр, хожим нь перфокарт хэмээх хатуу цаасан дээр бичиж картотек гэдэг зүйл хийдэг байлаа. Энэ арга одоо болтол хоцрогдоогүй байна. Сүүлийн үед компьютер гарснаар энэ бүхнийг түүн дээр хийх сайхан боломж гарчээ. Мэдээллийн хэмжээ ихсээд ирэхлээр түүнийг системчлэх, ангилах шаардлага гардаг юм. Ямар ангилал хийх нь Таны арга барилын онцлогоос хамаарна.

• Таны мэдээллийн баазыг бүрдүүлэгч хэд хэдэн гол суваг бий. Энэ нь: Ном зохиол, Эрдэм шинжилгээний хурал, илтгэл, өгүүллүүд, урд өмнө нь явуулсан судалгааны дүн, тайлан, албан ёсны статистик зэрэг болно. Энэ бүхнээс тэмдэглээд, сэдэв утгаар нь ялгаад, сайн муу, зөв буруугаар нь харьцуулаад ирэхэд ихээхэн том болсон тэр зүйлийг чинь мэдээллийн бааз гээд байгаа юм.

• Мэдээж нийгмийн бүх асуудлаар мэдээллийн бааз байгуулах боломжгүй юм. Иймээс Та өөрийн сонгон авсан сэдэв, чиглэлийн дагуу мэдээллийн бааз бүрдүүлэх ёстой.

• Мэдээллийн бааз том зүйлээс эхэлдэггүй. Таны хийсэн номын тэмдэглэлээс л эхэлнэ. Сонгосон сэдэвтэйгээ холбогдох ном зүйн жагсаалт, ном өгүүлэл зэргийг цуглуулсаар байтал мэдээллийн баазын эхлэл тавигдана. Гэхдээ энэ бол мэдээллийн бааз гэсэн үг хараахан биш. Дотроос нь хэрэгтэй юмаа хайх болсон тэр цагт Та мэдээллийн баазын эхлэлтэй боллоо гэж бодож болно. Орчин үед ямар ч албан тушаалтан, ялангуяа судлаач хүн мэдээллийн баазгүй бол хол явахгүй.

• Нийгмийн олон үзэгдэл өөрөө зөрчилтэй, түүнийг тайлбарласан зүйлс бүр ч илүү зөрчилтэй байгаа тохиолдолд харьцуулан үзэхийн тулд энэ бүхний сайн нь ч, саар нь ч Танд хэрэг болох нь гарцаагүй юм.

• Та өөрийн судалгаан дээрээ тулгуурлан энэ их зөрчилтэй, учрыг нь олохын аргагүй зүйлээс өөрийн гэсэн үзэл бодол, санаагаа гаргаж авах ёстой бөгөөд үүнд чинь тус болох бараг цорын ганц зүйл бол мэдээллийн бааз болно.

• Мэдээллийн баазын хэлбэр эхлээд тэмдэглэл, хуулбар, ишлэл зэрэг энгийн хэлбэртэй байж байснаа хэмжээ нь ихсэн ихсэн сэдэв утгаар нь юмуу зохиолчоор нь, онолын чиглэлээр нь юмуу хронологийн дарааллаар нь ялгасан том том хавтаснууд болоод ирнэ. Ингэвэл маш сайн. Компьютерт үүнийгээ хийж, олон файл, хавтастай болбол бүр ч сайн.

• Гэхдээ баахан ном, хавтас цуглуулчихаад хүнд гайхуулаад байж болохгүй. Гол нь Та дотор нь байгаа зүйлийг мэдэж байх, зарим тохиолдолд аль юм нь хаанаа байгааг мэддэг байж мэдээллийн баазаа ашигладаг болно.

• Мөн хийсэн судалгаа болон судалгааны тайлан бүр чинь мэдээллийн баазын үндэс суурь болно. Хэдэн жилийн өмнө хийсэн судалгааны арга зүйгээр давтан судалгаа явуулж ихээхэн амжилт олсон эрдэмтэд байдаг. Энэ бол мөнөөх мэдээллийн баазын л ач.

• Та сонирхон судалж буй сэдвээрээ одоо болж буй үйл явдлууд, баримтуудаар он цагийн хэлхээс хөтлөх нь мэдээллийн баазын сайхан үндэс болж өгнө. Тийм нэг хурал, хэлсэн үг хаана, хэзээ хэлсэн билээ гээд хүн хүнээс сураглаад явдаг хүн байдаг. Энэ тохиолдолд Та мэдээллийн баазгүй байна гэсэн үг.

• Ухаандаа Та гэр бүл судалдаг байлаа гэхэд гэр бүлийн бүх хуулиуд түүнд гарсан өөрчлөлт, түүнтэй холбогдох хуулийн заалтууд зэрэг Таны компьютерийн хавтсанд заавал байх ёстой. Мөн энэ талаар гарсан гадаад, дотоодын ном өгүүлэл, хурлын материалууд байх ёстой. Удаалаад албан ёсны статистик, бүх судалгааны дүн, тайлан байх ёстой. Хүн дор хаяж дээрх зүйлстэй болсон хойноо сая судалгааны тухай ярьж болно.

• Эрхэм залуу судлаачид энэ бүхэн одоохондоо байхгүйг би ойлгож байна.

Гэхдээ залуу хүн зориод бодоод явахад нэг мэдэхэд ихээхэн хэмжээний материалуудтай болоод авна. Энэ чинь л мэдээллийн баазын эхлэл болно доо.

• Судлаач хүн хэрэгцээт мэдээллийнхээ 70 хувийг мэргэжил нэгтнүүдээсээ авдаг гэсэг үг байдаг. Иймээс тэдэнтэйгээ сэдвийнхээ талаар ний нуугүй яриад байж үз. Зарим хүн энэ асуудалд бараг л төрийн нууц хадгалж байгаа мэт ханддаг нь инээдэмтэй байдаг.

• Танд ичиж зовоод байх юм байхгүй. Ойлгохгүй, мэдэхгүй байгаа зүйлээ асуу, сурагла, тогтоож тэмдэглэж ав. Нэгэнт Та бүгдийг уншиж мэдэж амжихгүйгээс хойш ингэх нь зөвхөн Танд л тустай.

• Мэдээлэл их болоод ирэхлээр хэрэгцээтэй мэдээлэл хэрэгтэй үедээ олдохоо байгаад эхэлдэг зовлон үүсдэг. Энэ үед мэдээллээ өөрийн хүссэн, зөвхөн өөрт чинь байх зүй тогтлоор ангилж, ялгаад үз. Хамгийн гол нь энэ зүй тогтлынхоо дагуу Та хүссэн үедээ, дуртай цагтаа хэрэгтэй мэдээлэл, тухайлбал нэг тоо баримт ч юмуу, ишлэл ч юм уу олдог болбол Та сая мэдээллийн баазтай болж байгаа хэрэг.

• Гэхдээ мэдээллийн баазтай болоод болчихдог зүйл гэж байхгүй. Тэр чинь нийгмийн баримт материалаар байнга баяжиж, нэмэгдэж байх ёстой. Иймээс Та мэдээллийн баазтайгаа байнга ноцолдож, хайлтын системээ байнга цэгцэлж, шинэ мэдээ баримтаар баяжуулж байхгүй бол мэдээллийн бааз дорхноо л хуучирдаг юм.

• Та нэг зүйл бичлээ гэж бодоход гар дор чинь хэрэгтэй мэдээлэл байхгүй бол юу ч хийж чадахгүй нь ойлгомжтой. Та мэдээллийн баазгүй бол, эсвэл залхуугаасаа болж түүнийгээ хуучруулчихвал “Алтан загасны үлгэр”-ийн эмгэнтэй л адил болно.

• Мөн хамтарсан мэдээллийн бааз байж болдог юм. Энэ нь голдуу хүрээлэн, танхим зэргийн мэдээллийн бааз бөгөөд үүнээс хэн боловч хэрэгтэй мэдээллээ авч чаддаг байх ёстой. Гэхдээ ажил үүргийн тодорхой хуваарьгүй бол, системээ сайн тохирч авахгүй бол нийтийн дунд хаягддаг нэгэн гэм бий.

• Харин хүн бүр гар бие оролцож байнга сэлбэж, шинэчилж байвал хамтын мэдээллийн бааз шиг сайн зүйл үгүй. Яагаад гэвэл нэг хүний хийж чадахгүй зүйлийг олон хүн хийж чаддагт хэргийн учир оршино. Гэхдээ л хэчнээн сайн хамтын мэдээллийн бааз тодорхой чиглэл, сэдвээр судалгаа хийж буй хувь хүний мэдээллийн хэрэгцээтэй тэр бүр тохирдоггүй юм. Иймээс заавал өөрийн гэсэн мэдээллийн баазтай байх нь чухал.

• Хэдхэн ном, сонины хайчилбар барьчихаад мэдээллийн баазтай боллоо гэж бодвол ихээхэн эндүүрэл болно. Мэдээллийн бааз гэдэг бол Та судалж буй чиглэл, сэдвээр Таны өөрийн ангилж бэлэн болгосон нэлээд их цэгцтэй мэдээллийн цуглуулгыг хэлнэ.

• Компьютерийн эрин үеийн залуус Та нарт мэдээллийн бааз хурдан бүрдүүлэх, байнга арчлаад өргөжүүлээд явах өргөн боломж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Та одоо л шууд мэдээллийн баазаа бүрдүүлээд эхэлдээ.

2005 оны 9 дүгээр сарын 11.

No comments:

Post a Comment